Nov 4, 2016

Хиндуизм



Энэтхэг бол олон шашны эх өлгий болсон газар. Энэ амжилтаараа ойрхи дорнодын Иерусалимтай л өрсөлдөж магадгүй. Хиндуизм, Буддизм, Жайнизм, Сикхизм гээд маш олон шашин энд анх үүсжээ. Индус мөрний хөвөөнд цэцэглэсэн дэлхийн ууган соёл иргэншлийн нэгний талаар миний мэдэх зүйлс бага юмаа. Багадаа үзсэн хэдэн киногоор нь төсөөлөөд үзвэл бүжиглээд дуулаад л, атаа хорсол өвөрлөж яваад нэг өдөр өшөөгөө аваад нэг насны зорилгоо гүйцэлдүүлдэг хүмүүс шиг санагдсан. Тэгээд бас болоогүй кастын системтэй. Ядуу болоод л төрцөн бол нэг насыг тэр чигээрээ өнгөрөөдөг маш хахир хатуу, ардчилсан биш орон гэж буруутгадаг байлаа. Юань гүрний үед Хубилай хаан эзэнт улсынхаа хүн амыг дөрвөн зэрэгт хуваагаад Монголчуудыг дээд талд нь, хятад тариачдыг хамгийн доод зиндаанд аваачсан талаар бахархан уншиж байснаа бодохоор мань ч бас Энэтхэгчүүдэд тэгш сэтгэлээр хандаагүй л юм байна лээ. Яагаад Хиндуизм сонирхох боловоо гэвэл, Буддын сургаалийн талаар нэг цогц ойлголттой болъё гэж зориод судар номлолыг нь унших зорилго тавьсанаас үүдэлтэй юм. Би ер нь өөрийгөө Буддист гэдэг ч Сидхартагийн гэгээрсэн түүх, Ганданд очиж хэдэн удаа мөргөж байсныг эс тооцвол ёстой юу ч мэдэхгүй. Уншиж магадгүй гээд Агнистын гэгээ цувралыг бүгдийг нь авчихсан. Нөгөөх нь тоосонд дарагдаад л хэвтээд байдаг. Тэгээд энэ жил үйлийн үр нь боловсорж дууссан юм байлгүй Буддын шашны талаар шимтэн судалж эхэлвээ. Буддын түүхийн талаар уншиж байхад яалт ч үгүй Хиндуизм, Брахман, Атман, Карма, Дхарма гээд гарж ирж байгаам даа. Би нэг иймэрхүү нууцлаг үг хэллэгийн уг учрыг тайлах их дуртай болохоор Буддын саргаалиа хойш тавиад эхлээд энэ нууцлаг Хиндуизмын талаар судлахаар сэтгэл шулуудваа. Эхлээд Хиндуизмын талаар цогц лекц сонсож араас нь залгуулаад Бхагавад Гита, Упанишадыг сонслоо. Яг үнэнээ өчихөд маш сайн тайлбар коментаритай ном сонгохгүй бол нэг удаа сонсоод ч ойлгодог эд үнэхээр биш юм билээ. Ялангуяа Упанишад бол үнэхээр нууцлаг зохиол санагдсан. 

May 6, 2016

Хагацах цаг боллоо...

... Хагацах цаг боллоо. Бид өөр өөрсдийн зам мөрөө хөөнө. Би үхэж та нар амьдарна. Аль нь дээр болохыг тэнгэр бурхан л мэдэх бизээ...

Яагаад мужааны ажлаа болиод мэргэн ухаанд дурлах болсоноо ингэж тайлбарласан байх юм. Найз нь Аполлоны зөнч дээр очиж "Манай найзаас илүү ухаантай хүн энэ хорвоо дээр байна уу" гэж асуужээ. Хариуд нь Дэлфийн зөнч "Танай найзаас илүү ухаантай хүн энэ хорвоод байхгүй" гэж хариулж. Найз нь түүнд энэ тухай дуулгаж. Харин тэр энэ зөгнөлийг худал гээд зөнд нь орхихыг хүссэнгүй. Тэгээд зөнчийн худлаа болохыг батлах гэж өөрөөсөө илүү ухаантай хүний эрэлд гарсан гэдэг. Тэрээр улс төрч, өвгөд хөгшид, яруу найрагч, уран барималч гээд зүсэн зүйлийн хүмүүстэй уулзаж ярилцжээ. Тэр ганцхан өөрөөсөө илүү ухаантай хүнийг нь олох хүсэлтэй байж. Тэгээд Дэлфийн зөнч дээр очоод "Хараач би өөрөөсөө илүү ухаантай хүн олчихлоо" гэж ам бардам хэлэхийг хүссэн биз. Гэтэл ухаантай хүнийг даанч олж чадсангүй. Харин өөрсдийгөө ухаантай гэж боддог тэнэг хүмүүсийг олж. Ядаж тэрээр өөрийгөө юу ч мэдэхгүй тэнэг гэдгээ мэдэж байсан учраас өөрийгөө ухаантай гэж боддог тэнэг хүмүүсээс ялгагдаж байж. Эцэст нь тэр Аполлон бурханы зөнчийн үнэн хэлсэнийг ухааржээ. 
Өвгөрөөд нас дээр гарахын цагт Афины шүүхээс түүнийг нийтийн дагаж мөрддөг бурханыг шүтэлгүй, залуусыг буруу зүйлд уриалав гээд хор ууж үхэх ял тулгасан гэдэг. Бурхадыг үл тоомсорлосон хэргээр амиа алдсан тэрээр Афины хамгийн их шүтлэгтэй нэгэн байсан гэдэг. Тэрээр Аполлон бурханы үг болох "Өөрийгөө таньж мэд" гэдэг сургаалийг амьдралынхаа мөрдлөг болгожээ. Өөрийгөө хамгаалж шүүх дээр хэлсэн үгийн төгсгөлийн хэсгийг хамгийн эхэнд  бичсэн мөрөөс уншиж болно. 


Сократын сэтгэлгээ барууны философийн үндсийг тавьсан бөгөөд хүн төрөлхтөний түүхэнд түүн шиг нөлөө үзүүлсэн сэтгэгч байхгүй. Түүний сэдсэн сэтгэлгээ нь хөгжсөөр шинжлэх ухааны өнөөгийн их ололтын үндсийг тавьсан билээ. Яагаад европчууд өнөөгийн ертөнцөд давамгайлах болсны шалтгаан нь Сократын философи юм. 2500 жилийн өмнө амьдарж байсан хүн шүү дээ. Гэтэл хажууд нь Египт, Энэтхэг, Месопотами, Хятад гээд 5000 жилийн настай соёл иргэншил хүн төрөлхтөний түүхэнд энэ хүн шиг нөлөө үзүүлж чадсангүй. 
Хайрт багшид нь үхэх ял тулгасан Афины ардчилагчдыг Платон нэг насаараа үзэн ядсан гэдэг. Тэрээр Эсхил, Софоклтой өрсөлдөхүйц яруу найрагч байсан гэдэгч Сократад шавь орсоныхоо дараа өөрийнхөө бүх бүтээлийг шатаажээ. Гэхдээ түүний дүрслэх чадвар, яруу найрагчийн авьяасийг түүний туурвисан бүтээл туурвилууд баталсаар. 
Платон - "Сократын зөвтгөл" (Apology of Socrates by Plato)


Apr 23, 2016

Акслепийн таяг

    Насаараа анагаахад багшлаад тэтгэвэртээ гарсан эмээ маань надад ийм гоё аяга бэлэглэлээ. Харин анзаараад харсан чинь лого нь шал өөр утга санаатай юм санжээ. Доор ямар учиртайг нь бичлээ. 


Dec 18, 2015

Р.Саполскийн эсээнүүд

    Ойрдоо нэг сонирхолтой ном уншиж эхэлсэн нь Стэнфордын профессор, неврологч Роберт Саполскийн (Robert Sapolsky) эсээнүүд юм. Дэлхий дээр толгой цохих неврологчдийн нэг, бас шинжлэх ухааны эсээнүүд нь хүмүүсд ойлгогдохоор бичсэн, сонирхолтой жишээ татдаг басхүү хошиноор өөрийнхөө санааг илэрхийлж чаддаг учраас номыг нь нэг бариад авчихсан байхад мөдддөө л салж чадахгүй. Сонирхолтой санагдсан эсээг нь сийрүүлэв. Блогийн төгсгөлд номны нэрс, болон Амазон дээрх холбоосыг байршууллаа. Сонирхвол дэлгэрүүлээд уншихад дөхөм юм. 

Nov 29, 2015

Сүн багшийн дайтахуйн ухаан


   Солонгосын хойгийн дайн, Вьетнамын дайнд Америкчууд ялагдсан. Дэлхийн 2-р дайн дөнгөж дууссан учраас арми нь бэлтгэл сайтай, зэвсэг техник нь ч өндөр хөгжсөн байв. Гэвч Америкийн Азид хийсэн аян дайнууд амжилтгүй олоогүйн шалтгаан нь Азийн цэрэг дайны онол нь Европоос улбаалсан Өрнийн соёл иргэншлээс тэс өөр байсанд оршино. Дорнын цэргийн онолыг эртний Хятадын гүн ухаантан, цэргийн жанжин Сүн Ву МЭӨ 6-р зуунд боловсруулжээ. Түүний "Дайтахуйн ухаан" ном нь одоогоор мэдэгдээд буй цэрэг дайны онолын тухай хамгийн эртний сургааль гэж үздэг.

Oct 30, 2015

Гайюс Иулиус Кайсар

   Юлий Цезарийн нэрийг латинаар ингэж дууддаг байх нь. Цезарь эртний Ромын цэргийн жанжин, улс төрч, насан туршийн дарангуйлагч байв. Ромчууд хааныг үзэн яддаг эрх чөлөөнд дуртайг мэдэх учир тэрээр өөрийгөө хаанд өргөмжлөөгүй. Оронд нь "Насан туршийн дарангуйлагч" гэсэн хэргэм Сенатаас өөртөө өгүүлж байв. Тэрээр цэрэг, иргэний олон шинэчлэл хийсний дотор календарийг шинэчилжээ. Долдугаар сарыг Юлий гэж түүний овгоор нэрлэдэг. Юлийн календарийг 15-р зуун хүртэл хэрэглэж байгаад пап Грегорийн зарлигаар засвар хийснээр өрнө дорно, Юлийн календарийн шинэчлэгдсэн хувилбар Грегорийн календарийг хэрэглэж эхэлсэн түүхтэй. Кайсар гэдэг нэр Ромын эзэн хаан гэсэн утгатай болжээ. Pontifex Maximus" буюу "Тэргүүн хамба" гэсэн шашны мяндагийг залуудаа хүртсэн. Энэхүү мяндагийг одоо Ромын пап хэрэглэдэг. Цезарийн бичсэн "Галлын аян дайны тэмдэглэл", "Иргэний дайны тэмдэглэл" түүхийн, уран зохиолын гайхамшигт номд тооцогддог. Тухайн цагтаа эдгээр бүтээлийг туурвих шалтгаан нь Ромчуудад өөрийгөө сурталчлах, нэр алдараа түгээх зорилготой бичиж, тарааж байжээ. 

Sep 8, 2015

#Windows #Continuum

    Гар утсыг процессор болгох Микрософтын том амбийц. Гэхдээ зөвхөн Windows Phone үйлдлийн системтэй утсан дээр боломжтой.

Jun 3, 2015

Азор Ахай

    Вестеросыг мөхлөөс аварсан, магадгүй дахин ирэх аюумшигт мөхлөөс аврах Азор Ахай гэдэг домогт баатрын талаар бичье. Вестеросд найман мянган жилийн өмнө урт өвөл болж хэдэн үе үргэлжилсэн юм гэдэг. Өдөр болохгүй шөнө мөнхөд үргэлжилнэ. Тариа ногоо ургахгүй болохоор өлсгөлөнд нэрвэгдэж, эхчүүд нь үр хүүхдээ аймшигтай хувь тавилангаас гэтэлгэхийн тулд өөрсдөө хөнөөж байсан тийм аймшигтай цаг үе байж. Тэр үед "Одерс" гээд байгаа үхдэлийг мөсөн зомби болгож амилуулдаг мангасууд Вестеросыг бараг эзэлж байхад Азор Ахай гээч баатар "Лайтбрингер" илдээ давтаж хүн төрөлхтөнийг аймшигт аюулаас аваржээ. Найман мянган жил өнгөрсөний дараа Вестеросд энэ аймшигт үзэгдэл дахин давтагдах нөхцөл бүрджээ. Жишээ нь: Одерс-үүд сэргээд мөсөн хананд тулж ирсэн, мөхөж дууссан луунууд амилсан, вайлдфайэр буюу ногоон гал урьд нь мянга шившээд цөөхнийг л хийж чаддаг байсан бол одоо шившлэг сайн авч Станисийн флотыг сүйтгэх хэмжээгээр үйлдвэрлэгдэж байна. Өөрөөр хэлбэл ид шид идэвжиж байна. Ийм үед Азор Ахай төрж "Лайтбрингер" илдээ ахин давтаж хүн төрөлхтөнийг аймшигт аюулаас гэтэлгэнэ гэсэн зөгнөлтэй аж.

May 15, 2015

Арван хоёрын тухай

    Европууд жилийг арван хоёр сард хуваадаг. Харин Азиуд сараа 12-д хуваахаас гадна, жилээ хүртэл 12-р (12 жил) үечилж тоолдог. Бие биенээсээ тусдаа хөгжсөн хоёр соёл иргэншил санамсаргүй ч юмуу, санаатай ч юм уу тохиолдлоор 12 гэсэн тоог цаг хугацааны хэмжүүр болгож ашиглаж байна. Хэрвээ 12 гэдэг тоог өөр юунд ашигладагийг хөөж үзвэл шашин шүтлэгтэй холбоотой нилээн олон зүйлс гарж ирнэ. Эртний Грекд олон бурхад дотроосоо 12 бурханыг голчилж шүтдэг байсан. Энэ нь Ромчуудад өвлөгдөж очсон. Еврейн хуучин гэрээсд хожмоо Израйл гэгдэх болсон Якоб 12 хүүтэй байсан. Тэдний толгойлсон 12 овгоос хожмын Израил улс бүрэлдсэн тухай байдаг. Лалын шашинд зөнч Мухамедийн үйл хэргийг 12 имам залгамжилсан.