Nov 4, 2016

Хиндуизм



Энэтхэг бол олон шашны эх өлгий болсон газар. Энэ амжилтаараа ойрхи дорнодын Иерусалимтай л өрсөлдөж магадгүй. Хиндуизм, Буддизм, Жайнизм, Сикхизм гээд маш олон шашин энд анх үүсжээ. Индус мөрний хөвөөнд цэцэглэсэн дэлхийн ууган соёл иргэншлийн нэгний талаар миний мэдэх зүйлс бага юмаа. Багадаа үзсэн хэдэн киногоор нь төсөөлөөд үзвэл бүжиглээд дуулаад л, атаа хорсол өвөрлөж яваад нэг өдөр өшөөгөө аваад нэг насны зорилгоо гүйцэлдүүлдэг хүмүүс шиг санагдсан. Тэгээд бас болоогүй кастын системтэй. Ядуу болоод л төрцөн бол нэг насыг тэр чигээрээ өнгөрөөдөг маш хахир хатуу, ардчилсан биш орон гэж буруутгадаг байлаа. Юань гүрний үед Хубилай хаан эзэнт улсынхаа хүн амыг дөрвөн зэрэгт хуваагаад Монголчуудыг дээд талд нь, хятад тариачдыг хамгийн доод зиндаанд аваачсан талаар бахархан уншиж байснаа бодохоор мань ч бас Энэтхэгчүүдэд тэгш сэтгэлээр хандаагүй л юм байна лээ. Яагаад Хиндуизм сонирхох боловоо гэвэл, Буддын сургаалийн талаар нэг цогц ойлголттой болъё гэж зориод судар номлолыг нь унших зорилго тавьсанаас үүдэлтэй юм. Би ер нь өөрийгөө Буддист гэдэг ч Сидхартагийн гэгээрсэн түүх, Ганданд очиж хэдэн удаа мөргөж байсныг эс тооцвол ёстой юу ч мэдэхгүй. Уншиж магадгүй гээд Агнистын гэгээ цувралыг бүгдийг нь авчихсан. Нөгөөх нь тоосонд дарагдаад л хэвтээд байдаг. Тэгээд энэ жил үйлийн үр нь боловсорж дууссан юм байлгүй Буддын шашны талаар шимтэн судалж эхэлвээ. Буддын түүхийн талаар уншиж байхад яалт ч үгүй Хиндуизм, Брахман, Атман, Карма, Дхарма гээд гарж ирж байгаам даа. Би нэг иймэрхүү нууцлаг үг хэллэгийн уг учрыг тайлах их дуртай болохоор Буддын саргаалиа хойш тавиад эхлээд энэ нууцлаг Хиндуизмын талаар судлахаар сэтгэл шулуудваа. Эхлээд Хиндуизмын талаар цогц лекц сонсож араас нь залгуулаад Бхагавад Гита, Упанишадыг сонслоо. Яг үнэнээ өчихөд маш сайн тайлбар коментаритай ном сонгохгүй бол нэг удаа сонсоод ч ойлгодог эд үнэхээр биш юм билээ. Ялангуяа Упанишад бол үнэхээр нууцлаг зохиол санагдсан. 

Энэтхэгчүүд өөрсдийн шашныг "Санатана Дхарма" буюу "Мөнхийн хууль" гэдэг бол, Хиндуизм гэдэг нэр нь гадаад ертөнцөд илүүтэй танигдаж дээ. Энэ шашны үүсэл хөгжлийн талаар эхлээд бичье. Аричууд Индус мөрний хөвөөнд нүүдэллэж ирсэнээр энэ шашны түүх эхэлдэг. Аричууд Энэтхэгт ирэхэд тэнд аль хэдийн бүхэл бүтэн соёл иргэншил цэцэглээд яагаад ч юм уналтын үе дээрээ байхад нь очжээ. Индус мөрний хөвөөн дэх соёл иргэншил (Indus Valley Civilization) гэж нэрлэдэг. Малтлагаар илэрсэн зүйлс дээрээ үндэслээд доорх дүгнэлтийг хийжээ. 
- Өндөр зохион байгуулалттай гудамж талбайтай байгаа нь хотоо барихдаа сайн төлөвлөж байсныг илтгэж байна. Өндөр хөгжилтэй соёл иргэншил байжээ.
- Бичиг үсгийн үүслийн өмнөх шат болох тамга тэмдгээр өөрсдийн эд хөрөнгө, тоогоо тэмдэглэж байсан бололтой. Чухам өөрсдийгөө юу гэж нэрлэдэг байсан шинжлэх ухааны түвшинд аль хэр хүрсэн зэргийг нь ваар, ханан дээр үлдсэн олон янзын тэмдэг, тамга зэргээс нь тайлж унших боломжгүй
- Хотод хийсэн малтлагын туурь зэргээс үзвэл айл бүр бохирын шугамд холбогдсон, тусдаа угаал үйлддэг өрөөтэй байсан. Мөн олны хөлийн газар усанд орох зориулалттай усан сан зэргийн тууриуд олон олдсон нь ариун цэвэрч байдлыг дээд зэргээр эрхэмлэдэг байжээ. Гадаад гэхээсээ илүүтэй дотоод ариуслыг эрэлхийлдэг байсны шинж байж болох талтай. 
Угаал үйлдэхэд зориулсан нийтийн усан сан
Аричуудыг нүүдэллэж ирээд яагаад давамгайлах болсон талаар бодитой тайлбар олдоогүй. Ямар ч байсан энд ямар нэг том дайн тулаан болсон гэх ул мөр илрээгүй. Аричууд энд ирээд өөрсдөө дээд кастынхан болсон бөгөөд нутгийн уугуул иргэд болох бор арьстай иргэдтэй холилдон амьдарж эхэлжээ. Энэтхэгийн кастын системийг Варна гэдэг ба энэ үг нь арьсны өнгийг заадаг үг аж. Ари гэдэг нь санскритээр язгууртан гэсэн үг. Бор арьстай уугуул хүмүүс болон байлдан дагуулсан газар нутгийн иргэд нь доод кастад орсон байна. 

Хамгийн эртний Риг Веда судар
Ведийн судар бол нийтийн тооллын өмнөх 1200 онд Аричууд Индус мөрний хөвөөнд суурьшихдаа авчирсан шашны ариун судар юм. Би Ведийг судар гээд байгаа боловч уул ёсондоо бол бөө эсвэл санваартан зиндааныхан (Брахмины каст гэдэг) эцгээс хүүд, хүүгээс хүүд амаар дамжуулж байсан нууц уншлага юм. Сүүлд судар болгон бичиж үлдээжээ. Дөрвөн гол Веда байдаг. Бусдыг нь туслах Веда гэдэг. Хамгийн эртний Ведаг Ригведа гэдэг бол миний хаанаас ч юм олж сонсож байсан Аюурведа бол туслах Веда юмуу даа. Веда гэдэг үг нь өөрөө үзэх харах гэдэг утгатай үг. Одоо бидний өргөн хэрэглэдэг Видео гэдэг үгийн үндэс нь Веда юм. Видео гэдэг ч бас үзэх харах гэсэн утгатай Латин үг л дээ. Латин, Грек хэлний бүтэц Энэтхэгийн санскрит хэлтэй давхцаж байгааг 18-р зуунд санамсаргүй олж нээсэн гэдэг. Одоо судлаачид Прото-Индо-Европ хэлний аймагт Европ болон Энэтхэг хэлийг хамааруулж үздэг. Энэ нь эдгээр улсууд гарал үүсэл нэгтэй байжээ л гэсэн үг. Нийтийн тооллын өмнөх хэдэн онд ч юм нүүдэлчин Аричууд Индус мөрний хөвөөнөөс авахуулаад Иран, Европ хүртэлх өргөн уудам нутагт тархан суурьшжээ. Тэд анхлан Каспийн тэнгис хавиар нутаглаж асан мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин омог байжээ гэж судлаачид таамаглаж байгаа. Санкрит хэл, Ведийн судард гардаг бурхдууд одоо цагт ч Англи, Латин хэлэнд түгээмэл хэрэглэгддэг. Жишээ нь Ригведад Тэнгэрийн бурхан Диаус-пита, газрын эх бурхан Придви-мата дундаас бороо аянга цахилгааны бурхан Индра, галын бурхан Агни, салхины бурхан Варуна гэх мэт бурхдууд төрөн гарсаан гэдэг. Тэнгэрийн бурхан Диуасыг Грекчүүд Зевс бурхан хэмээн шүтэж байхад Скандинавчууд аянга цахилгааны бурхан Индра буюу Тор бурханыг шүтдэг байх юм. Латин хэлэнд галыг Игнис гэдэг бөгөөд энэ үг өдгөө ч хэрэглэгдэж байна (Ignite - гал асаах). Ведийн судар бол тэр чигээрээ бурхны магтаал, дуулалаас бүрдсэн түүвэр судар. Энэ дуулал, магтаалыг тусгайлан засаж бэлтгэсэн ёслолын үеэр, амьтны амийг хөнөөж өргөл барьц барих үедээ зөв дуудах ёстой бөгөөд маш хатуу дэг журамтай байдаг. Энэхүү ёслолыг буруу хийвэл бас бурхдад өөрийнхөө санааг зөв ойлгуулж чадахгүй бол гай зовлон учирна гэж итгэдэг байна. Брахмин нууц шившлэгээ шившиж, магтаал дуулалаа дуулж байхад тэрийг нь хянаад зөв бурууг нь шүүж байдаг тусгайлсан шүүгч байдаг гэж байгаа. Энэ хатуу дэг журамтай ёслолыг Рита гэдэг байна. Энэ нь Англи хэлний Ритуал (Ritual), Райт (Right) гэх зэрэг үгийн үндэс болжээ. Санскритаар бурхныг Дева гэдэг ба энэ үг явсаар Латин хэлний Деус (Deus), Деити (Deity), Тео (Teo) гэсэн үг болжээ. Бүгд л бурхан, шүтээн гэсэн утгатай үгнүүд. Надад энэ үгийн гарвал үндэс, лингвистик тал нь сонирхолтой санагдсан учраас уншиж, сонссон зүйлсээсээ энэ талаар илүүтэй бичээд байгаа хэрэг. Энэ бүгдээс хамгийн сонирхолтой нь нууц шившлэг гэж итгэдэг "Ум" гэдэг дуудлага. Буддын маани, тарниуд бас "Ум" гэдэг үгээр эхэлдэг нь Ведийн шашнаас гаралтай. Энэ үгийг бурхад хүмүүсд зааж өгсөн, ертөнцийн нууцыг хадгалсан үг юм. Галиглаж бичих дээ "А-у-м" гэдэг. Зарим Брахмин "Оммм" гэж сонсогдохоор хэлж байсан. Энэ үг нь Христийн шашныханы залбиралаа төгсгөхдөө хэлдэг "Амен" гэдэг үг гэх юм билээ. Орчин үед өөрсдийгөө Ари үндэстэн гэж нэрлэдэг хоёр улс байна. Нэг нь Иран нөгөөх нь Европ тивийн захад орших Ирланд улс.

    Яваандаа Ведийн судруудаар орчлон хорвоогийн бүх зүйлийг тайлбарлах нь учир дутагдалтай болсоноор Ведийн судруудыг тайлбарласан тайлбарууд болох Веданта (Ведийн судрын төгсгөл гэсэн үг) гарж ирснийг Упанишад гэдэг. Упанишад гэдэг нь
Гүрү шавьдаа Веданта номлож байгаа нь
"ойрхон суугаад сонсох" гэсэн үгний нийлбэр юм. Үүнд Хинду шашны философи оршиж байдаг. Өөрийн ойлгосон хэмжээгээр тайлбарлах гэж үзье. Хэд хэдэн нэр томьёог тэр хэвээр нь хэрэглэж, тайлбарлах шаардлагатай юм. Буддын шашин Хиндуизмаас салаалсан мөчир тул зарим нэр томьёо Буддын шашинд хэрэглэгддэг ч өөр утгаар буудаг. Атман, Брахман, Дхарма, Карма, Самсара, Мокша. Энэ зургаан үгийг тайлах гэж оролдъё. Атман гэж хүний дотор оршдог мөнхийн сүнс юм. Угтаа амьсгалах гэсэн санскрит үг. Магадгүй үхсэн хүмүүсийн амьсгалахаа больдогийг ажиж мэдсэн учраас энэ нь зөвхөн амьд хүмүүсд байдаг онцгой зүйл гэдэг дээр үндэслэж амьсгал бол бидний сүнс буюу "атман" юм гэсэн дүгнэлтэд хүржээ. Тэнгэр бурханыг бодож энэ үгийг "Атаман" гэдэг Орос үгтэй битгий эндүүрж үзээрэй. Монголоор хулигаан, сайн зодоончин, гэмт бүлгийн бүлгийн толгойлогч гэсэн үг л дээ. Атман гэдэг үгийг одоо ч хэрэглэдэг нь "Атмосфер" гэдэг грек үг. Атмос гэж агаар хий гэсэн, сфер гэдэг нь давхарга гэсэн үг. За хүн болгонд мөнхийн сүнслэг сайн зүйл оршиж байдгийг "Атман" гэдэг. Хүн үхэхэд атман хүний биеийг орхиж дараагийн биедээ шилжинэ. Хиндуизмын хувьд үхэл гэдэг нэг биеэс нөгөө шилжих үйл явц юм (transmigration). Хүн тухайн насны амьдралдаа хэр их сайн үйл хийсэн, эсвэл бусдыг хорлоод яваад байсан эсэхээс хамаарж хойд насандаа атман нь зургаан төрөл зүйлийн нэгд төрдөг байна. Дива буюу бурхан, Ассура - хагас бурхан, хүн, амьтан, өлсгөлөн сүнс буюу Монголоор бирд тэгээд тамд тарчлагч сүнс. Сайн үйл хийгээд байвал сайн төрлийг олж төрөх юм. Мууг үйлдээд бусдыг хорлоход нэгэн биений амьдралаа зориулсан хүн тэр үйлийн үрээ эдэлж дуустал тамдаа зовох юм даа. Үүнийг Карма буюу үйлийн үр гэдэг аж. Бидний хувьд их л ойр ойлголт юм. Хэрвээ чи газар арвайн үр тарьсан яаж ч гуйж, залбирж мөргөөд тэр нь буудай болж ургахгүй л гэсэн үг. Үйл хийсэн бол тэр үйлийн үр дүн нь энэ насанд ч биш юм гэхэд хойд насанд чинь ирж л таарна. Тэгвэл сайн гэж юуг хэлэх, муу гэж юуг хэлэх талаар бүхэл бүтэн цогц ойлголтыг Хиндуизмд боловсруулжээ. Үүнийг тайлбарлахад дахиад хоёр шинэ ойлголт хэрэг болно. Дхарма буюу амьдралын хууль журам, Энэтхэгийн нийгмийг зохицуулж байдаг кастын систем. Дхарма бол Буддын шашинд авч үздэгээс тэс ондоо ойлголт юм шүү. Буддыстууд Дхарма-г зөв ном, судар, номлол гэж ойлгодог. Буддагийн айлдсан судар болох Дхаммапада - буюу зөв зам мөрийг чигээ болгож, дагаж мөрдөнө гэж шүтдэг. Харин Хиндуизмын Дхарма бол тэр хүний, амьтаны, эд зүйлийн хийх ёстой үүрэг нь. Усны Дхарма бол амьтныг ундаалах, бүх амьтны амьдралыг тэтгэх. Модны дхарма бол үндэслэх ургах, үрээ цацах. Өвсний, буудайны Дхарма бол ургах. Харин хүн ямар Варна-д төрсөнөөсөө хамаараад Дхарма нь янз бүр. Варна буюу кастын систем Энэтхэгийн нийгмийг дөрвөн кастад бүдүүн тоймоор хуваадаг.   
1. Брахмин буюу шашны хуврагуудын каст.
2. Кшатрия буюу язгууртан болон цэргүүдийн каст. 
3. Вайшая буюу дундад давхарга, худалдаачин гар урчууд 
4. Шудра буюу доод давхаргынхан тариачин, хар ажил эрхлэгчид. 
Бүдүүн тоймоор дөрөвт хувааж байгаа боловч каст нь дотроо бас касттай. Каст доторх кастыг Жати гэдэг. Каст хооронд гэрлэж болдоггүй дүрэмтэй. Ганц нэг тохиолдолд дээд кастын хүүхэн доод кастын хүнтэй суух тохиолдол байдаг. Каст өгсөж болдог эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан сайн үйл үйлдээд дахин төрөхдөө нэг шат ахиж кастад төрдөг гэж итгэдэг юм байна. Сониноос уншиж байсан нэг явдал санаанд орлоо. Энэтхэгт зургаан настай хүүхдийг цагдаа болголоо гээд. Тэр гэр бүл ерөөсөө л цагдаа болдог кастынхан тул аав нь нас барахад хүү нь ажлыг нь залгамжилж авч байгаа аж. Энэ гэр бүлийн Дхарма л тэр юм. Дхарма бол хувь заяа, зурсан зураг төөрөг энэ тэр бол ерөөсөө биш. Тэр хүний нийгэмдээ гүйцэтгэх ёстой үүрэг нь юм. Өөр кастын ажлыг бүрэн хийснээс өөрийн кастын ажлын дундуур хийсэн нь илүү буян хураана гэж номлодог юм гэнэ лээ. За тэгээд Дхармагийн тухай номлосон Энэтхэгийн мундаг оюуны бүтээл бол "Бхагавад Гита" буюу "Бурхдын дуулал" гэдэг туульс юм. 
Харваач Аржуна, хөтөч Шри Кришна хоёр
Амьдралын утга учир гэж юу болох тухай номлосон, яагаад өөрийн ноогдсон Дхармаг хийх ёстой вэ гэдгийг харваач баатар Аржуна, түүний тэрэгний хөтөч Кришна хоёрын харилцан яриа хэлбэрээр бичигдсэн туульс юм. Монгол хэлээр орчуулагдаж гарсан байна билээ. Бүүр шад болгоны дор нь тайлбарыг нь бичсэн байсан. Би яг тэр орчуулгыг нь тухайлж харж амжаагүй л байна. "Бхагавад Гита"-гийн талаар тусгайлж бичихгүй бол Дэлхийн тэрбум гаруй хүн шүтдэг том шашин Хиндуизмын талаар өнгөцхөөн бичиж байхдаа бас өнгөцхөн дурдаад орхимооргүй санагдана. Буддизмын Дхарма болох зөв зам мөр, гэгээрэлд хүргэсэн сургаалиас өөр гэдгийг дахин давтъя. Тухайн варнад (кастад) төрсөн хувраг, дайчин, худалдаачин, тариачин хэн байсан ч өөрийн Дхармаг биелүүлэх ёстой. Дхармагаа сайн биелүүлвэл Карма буюу үйлийн үрээр дээд кастад төрнө, за цаашаа хүний төрлөөс ангижраад, илүү сайн төрөл ч олж болох юм даа. Гэхдээ Атман нэг биеэс нөгөөд шилжих нь гол зорилго биш юм. Энэ трансмиграц хийх нь жаргал гэхээсээ илүү зовлон. Үүнийг Самсара гэдэг. Санскрит үгийнх нь утга нь хэрэн тэнэх гэсэн үг. Нэг зүйл хайгаад л хэрэн тэнээд байгаа сүнс юмуу даа. Атманы туйлын зорилго бол энэ Самсарагийн хүлээснээс ангижрах юм. Үүнийг Мокша гэдэг. Буддизмын Нирваан дүр үзүүлнэ гэдэгтээ тун ойролцоо ойлголт шиг санагдсан. Атманы туйлын зорилго Мокша. Самсараагийн хүлээснээс ангижрах нь сүнсний туйлын зорилго. Сониноос энэ Самсарагийн хүлээснээс гарч чөлөөлөгдсөн сүнс маань хаачих билээ? Мөнхийн диваажинд лав очихгүй. За эндээс Хиндуизмын хамгийн гол ойлголт болох Брахман гарж ирнэ дээ. Миний уншиж ойлгосон, судласан зүйлийнхээ хүрээд тайлбарлах гэж оролдвол Брахман гэдэг нь хорвоо ертөнцийн Атман юм шиг байгаан. Чөлөөлөгдсөн Атман явсаар Брахмантай нэгддэг гэх. Энэ нь Атманы туйлын зорилго юм даа. 
Ер нь яаж Мокшад хүрэх вэ? Гурван гол сургаалийг дагаж мөрдөх ёстой. 
- Карма Иога
- Бахти Иога 
- Ньяана Иога: Ньяана гэдэг үг нь Грекийн Gnosis буюу мэдлэг гэсэн үгийн үндэс юм. Англи хэлэнд өдгөө "Knowledge" гэдэг үг болж ашиглагдаж байгаа гэдэг лингвистик талын зүйлсийг нь л ойлгосоноос бус өөр санаанд минь юу ч үлдэж хоцорсонгүй ээ. 
Иога гэхээр одоо бариу өмд өмсөөд дасгал хийгээд байдаг юм санаанд чинь бууж байвал тэрнийг Хати Иога гэдэг. Нэг нь дасгал хөдөлгөөнийг хэрхэн хийж биеэ тамиржуулах талаар номлол. Миний бичсэн гурван Иога - Мокшад хүрэх гурван шат бол философи, шашны ойлголт юм. Битгий хольж хутгаарай. Иога гэдэг үг нь буулга, дөнгө буюу Yoke гэсэн үг юм. Дөнгөнөөс суллагдаж байж эрх чөлөөнд хүрэхгүй, дөнгөлөгдөж байж эрх чөлөөнд хүрнээ гэсэн үг гэж ойлгосон бөлгөө. Энэ бүх нууц мэдлэгийг Кришна бурхан, харваач баатар Аржунад тайлбарлаж өгч байгаагаар Бхагавад Гитад гардаг. Зарим Энэтхэгчүүд энэ зохиолыг бүтнээр нь цээжилчихсэн хаа ч явсан бувтнаад л явдаг гэх юм билээ. 
Үг хэллэг томьёны талаар нилээн дурдлаа. Төөрөгдөж самгардахгүй цээжлэх гээд л би байн байн нэвтэрхий толь хараад бичээд байгаа хэрэг. Брахман гэдэг бол Упанишад дээр тодорхойлогдсон философийн ойлголт. Брахма гэж Хиндуизмын гурван гол бурханы нэг. Ведийн сургаалийг номлодог дээд кастын хувраг хүнийг Брахмин гэдэг. Брахминийг Монголчууд "бярман" гэж дууддаг. Атман бол атаман гэсэн үг биш. Цээжинд чинь бууж өгөхгүй байвал Махатма Ганди гэдэг нэрийг саначих. Махатма гэдэг цол нь Маха буюу агуу том Атман буюу сүнс гэсэн хоёр үгний нийлбэр. Махатма аугаа их сүнс гэсэн үг. Энэтхэгийн оюун санааг удирдан чиглүүлж эрх чөлөөнд хүргэсэн гавьяаг нь үнэлж энэ цолыг Мохандис Гандид өгжээ. Самсара бол Буддизмд ч байдаг ойлголт. Төрөх үхэх төрөх тэр циклийг нэрлэдэг. Дхарма бол Буддизмд байдгаас тэс өөр ойлголт.

Хиндуизм философийн танин мэдэхүйн талаас нь бичлээ. Цаашлаад Хиндуизмын гол бурхдуудын талаар дэлгэрүүлье. Аричуудын авчирсан Ведийн судард байдаг бурхдууд болох Индра, Агни, Варуна, Рудраг шүтэхээ больж, яваандаа гурван гол бурхныг шүтдэг болжээ. Үүнийг Тримурти гэдэг. Эртний Ромыг гурав хувааж захирж асан Триумвират шиг л Энэтхэгийн хэсэг бүр өөр өөрийн бурханыг голчлон шүтдэг болж харин Ведийн судрын бурхдын нь ач холбогдол багасаж эхэлжээ. Гурван гол бурхан нь Брахма - хорвоо ертөнцийг бүтээгч, Вишну - Дхармаг сахиулагч буюу дэг журам тогтоогч, Шива - сөнөөгч, ертөнцийг шинэ эмх журамд оруулагч бурхан. 
Тримурти: Брахма, Вишну, Шива
Тримурти дотроос Вишну, Шива хоёрыг голчлон шүтдэг ба Брахма-г шүтдэг хүмүүс бага бололтой. Шинэ Дели хот даяар Брахма-д зориулсан ганцхан сүм байдаг гэсэн. Хиндуизмд эр эм хоёр нийлж нэг бүхэл болдог тул бурхад ч бас эхнэртэй. Гурван бурханы эхнэрүүд нь нөхрөөсөө дутахгүй хүч чадалтай ба хариуцсан чиглэл нь ондоо байдаг юм билээ. Брахма-гийн эхнэр Сарасвати урлаг уран сайхныг ивээдэг гэдэг. Вишнугийн эхнэр Лакшми, Шивагийн эхнэр Паравати. Ихэнхдээ хосоор нь дүрсэлж мөргөж, өргөл барьц өргөдөг байна.  
Тридеви: Паравати, Лакшми, Сарасвати
Бурхад ер нь хүүхэдгүй байдаг.  Бурхад мөнх насалдаг тул хүүхэдгүй байдаг бол хүмүүс нас бардаг тул үр удмаа үлдээдэг гэж байсан. Мөнх наслахад ч  бас өр төлбөр төлөх хэрэгтэй л байдаг юм байна. Гэхдээ Шива Паравати хоёр хоёр хүүхэдтэй. Ганеша гээд заан толгойтой бурхан, нөгөөх нь Картикея гэдэг дайны бурхан. Шива уурлахдаа Ганеша бурханыг толгойг тас цавчиж. Сүүлд эхнэр Параватигаа хэрхэн гашуудаж байгааг хараад тайтгаруулах гэж тааралдсан амьтныхаа толгой тасдаад тавьсан нь зааны толгой байж тааржээ. Ганеша ингэж зааны толгойтой болсон домогтой. Ганеша бурхан Вияасаа мэргэний тэрлэсэн туульс болох "Махабхарата"-г бичиж сударт буулгаж өгсөн гэж туульс дээрээ гардаг. Брахма бурханыг нээх олон хүн шүтдэггүй гэсэн. Вишнуг голлон шүтдэг урсгалыг Вайшнавизм, Шиваг шүтдэгийг нь Шайвизм гэдэг. Бурхдын эхнэрүүд болох Сарасвати, Лакшми, Параватиг гээд эмэгтэй бурхдыг шүтдэг урсгалыг Шактизм гэж нэрлэдэг юм байна. Байгалийн элдэв үзэгдлүүд тус бүрдээ хариуцсан эмэгтэй бурхдуудтай. Ер нь иймэрхүү байгалийн гамшигт үзэгдлүүдийг эмэгтэй бурхнаар төлөөлүүлдэг юм байна. Улаан бурхан өвчин дэгдэх, салхин цэцэг гарах бүрийд тэр чиглэлийн эмэгтэй бурхан хилэгнэснээс боллоо гэдэг. Тэгээд хуврагууд нь аргадах ёслол хийдэг, өргөл барьц өргөдөг аж. Энэтхэгийн зарим алслагдсан тосгонд салхин цэцгийн вакцин хийлгэдэггүй. Яагаад гэвэл бурхандаа өргөл барьц өгж, аргадсан тул вакцин хийлгэх шаардлагагүй гэж тайлбарладаг гэсэн. За бүдүүн тоймоор тайлбарлавал юмны эмэгтэйлэг тал нь сүнслэг, эрэгтэйлэг тал нь материаллаг тал. Параватигүй Шива бол хоосон чулуунаас ялгаагүй гэдэг хэлц үг хүртэл байдаг. Эмэгтэй бурханд хань ижил байхгүй болохоор тэр их сүнслэг хүчийг шингээх материаллаг зүйл байхгүй учраас тэр нь ихэдсэнээр байгалийн гамшиг болдог аж. За тийм тайлбард итгэдэг гэх нь илүү үнэнд ойр болох бизээ. 
Вашнайвизм, Шайвизмын талаар уншсан зүйлсээ хуваалцаад дүгнэлт хэсэг дээр нэг юм бичээд дуусгах уу даа. Амьдралдаа ийм урт эсээ бичиж үзсэнгүй. Энэ хүртэл уншсан бол үнэхээр энэ сэдвийг сонирхож байгаан байна даа. Хамгийн гол нь ганц энэ эсээгээр дуусахгүй том сэдэв юм билээ шүү. 

Вишну бурхан
Вишну бурхан газар дэлхий дээрх Дхарма алдагдахад залардаг. Дэлхий дээр яаж залардаг гэхээр Вишну бурханы сүнс хүний биеийг олж төрдөг байна. Түүнийг Вишну бурханы аватар гэдэг. Аватар гэдэг үг дахин төрөх гэсэн утгатай үг аж. 
Вишну бурханы дөрвөн гар нь хүмүүний амьдралын дөрвөн үеийг билэгдэж байгаа юм гэнэ лээ. Эрэгтэй хүн бүрийн Дхарма дөрвөн үе шатаас бүрддэг. 
1. Эрдэмд шамдах нас
2. Гэр бүлээ авч явах үе
3. Өтөл насандаа ойн захад очиж амьдрах хэсэг
4. Саньяасы: өөрийн бүх зүйлээсээ татгалзах буюу эцсийн шат. Энэ их сонирхолтой ойлголт байна лээ. Өөрийн нэрнээс авахуулаад, каст, эхнэр хүүхэд бүх зүйлсээсээ татгалзаж үлдсэн амьдралаа зөвхөн бурханыг таньж мэдэхэд зориулдаг. Шар хувцас өмсөөд, бадар барих аяганаас бусад бүх зүйлээ орхидог. Шар хувцас ч гэж лам нарын өмсдөг орхимжтой илүү төстэй санагдсан. Энэ уламжлалыг Энэтхэгийн Буддистууд үргэлжлүүлж лам хуврагууд нь шар орхимжтой явдаг болсон бололтой. Түвдүүд бол улаан орхимжтой байдаг нь цаг уурын нөхцөлтэй нь холбоотой гэж нэг Ринбүчи тайлбарлаж байсныг уншиж байлаа. Улаан өнгө илүү дулаан өнгө юм  гэнэ шарыгаа бодвол. Саньяасы болоход нас зааж байгаа нь, бурханыг таньж мэдэх спиричуал аялал хийх бололцоо насны бөгсөнд оногдож байгаа нь эхлээд өөрийн Дхармаг биелүүлэх ёстойг хатуу сануулж байгаа хэрэг. Жишээ нь насаараа байлдах ухаанд суралцсан цэрэг, улс эх орноо хамгаалах ёстой залуу нэг өдөр алба үүргээ хаяад би ер нь Бурханыг таньж мэдэхээр явлаа гэж болохгүй гэж байгаа хэрэг. Эсвэл Брахмин хүү Гүрү-гээс олон эрдэм мэдлэг таньж мэдчихээд бусдыгаа соён гэгээрүүлэхгүй амиа бодоод явчихаж болохгүй. Эхлээд нийгмийн өмнө хүлээсэн өөрийн Дхармаг гүйцэд хийх ёстой. Дараа нь юу хийх чинь хамаагүй. Саньяаси өөрийн кастаас татгалзсан тул ажил хийхийг нь хориглодог. Зөвхөн бадар барьж явдаг гэнэ лээ. 
Манай Гандан хийдэд байдаг Мэгжид Жанрайсиг бас дөрвөн гартай байдаг нь Хинду шашны нөлөө юм болуу гэж таамагласан. Вишну бурханы дөрвөн гарт нь байгаа зээрэнцэг, лавай, бадамлянхуа цэцэг, муна нь тус бүрдээ билэгдэлтэй. 
1. Лавай, амьд ертөнцийг бүтээгч таван махбодь, "Омм" авиаг 
2. Дугуй зээрэнцэг буюу Чакра нь хүний оюун ухааныг 
3. Бадамлянхуа цэцэг нь гэгээрлийг
4. Муна нь балар цагийн мэдлэгийг мэддэг гэдгийг тус тус билэгддэг ажээ. 
Одоогоор Вишну бурханы есөн аватар газар дэлхий дээр мэндэлжээ. Заримаас нь дурдвал:
- Газар дэлхий дээр их үер бууж усанд автахад амьд гарсан ганц хүн Мануд тусалдаг Мацуя (хүн-загас, merman?) бол хамгийн эхний аватар нь. Мацуя бас Ведийн ариун судрыг хулгайлсан шулмыг дарж буцааж авчирж өгсөн домогтой. Япон нэртэй аватар юмдаа. Бодвол бас нэг тайлбар бий л байх даа. 
- Эрдэнэсийн сан  Субашид дээр Вишну бурханы тухай үлгэр гардаг. Газар дэлхийг харгис хаан эрхшээлдээ оруулаад хүн ардыг зовоож байхад Вишну бурхан нэгэн одой хүн болж төржээ. Ванана гэдэг тэр одой аватар харгис хаан дээр очоод "Хамгийг эрхшээгч хаан минь, надад та гуравхан алхам газар хайрлаач" гэж гуйхад нь бардам хаан "Өөрийн алхаж чадах гурван алхам газрыг ав" гэж ам алддаг. Тэгсэн Ванана нэг алхаад хөрст алтан дэлхий бүгдийг нь туулаад, хоёр алхахдаа хөх тэнгэрт тулсан гэдэг. Тэгээд хаанаас "Миний гурав дах алхамаа хийх орон зай хаана байна" гэж асуужээ. Харгис хаан ичсэндээ газрын гаваар орж алга болсон домогтой. 
-  Рамаяна туульс дээр гардаг Раам бол Вишнугийн долоо дахь аватар. 
- Махабхарат туульсийн гол баатар Аржунагийн морин тэрэгний хөтөч шри Кришна бурхан Вишнугийн найм дах аватар юм. Кришна бурхан Аржунад хэрхэн Мокшад хүрэх сургаалийг зааж өгдөг билээ. 
- Вишну бурханы сүүлийн буюу ес дэх аватар нь төгс гэгээрсэн Будда юм. Будда зовсон хүн ардад өөрийн сургаалиа айлдаж, гэгээрэх замыг заасан гэдэг. Түүний яг өөрийн айлдсан сургаалийг Дхаммапада гэдэг. 
- Вишну бурханы арав дах аватар газар дэлхий дээр төрвөл хуучин ертөнцийг сөнөөж шинэ ертөнцийг цогцлооно гэж ирээдүйг зөгнөжээ. 
Рамаяана Махабхарат хоёр бол Энэтхэг түмний бахархал болсон эртний туульс юм. Энэ хоёр туульс хоёулаа Вишну бурханы аватартай холбогддог нь гайхалтай. 

Шива бурханыг сөнөөгч гэдэгч дахин бүтээгч бурхан гэдэг. Яагаад тэгж нэрлэдэг болсон талаар нь сонирхож үзсэн. Брахма бурхан дэлхий ертөнцийг анх бүтээхдээ тухай зүйлийн үнэн мөн чанарыг далдалсан гэдэг. Харагдах байдлын энэ хуурамч чанарыг Маяа гэдэг аж. Харин Шива бурхан энэ худал хуурмаг Маяаг сөнөөж, жинхэнэ үнэнийг таньж мэдсэн домогтой. Шива бурхан гурван нүдтэй байсан ба духан дээрх энэ гурав дах нүд нь ухааны хязгаараас цаашхийг харж чаддаг гэсэн. Шива бурханыг дагагчид мөн адил худал хуурмаг ертөнцийн үнэн мөн чанарыг таньж мэдэж чадна гэж итгэж духан дээрээ улаан цэг зурдаг. Шива бурхан хүн төрөлхтөнд анхлан Иога заасан их иогийн багш юм. Мөн Шива бурхан хүний энэ их уйтгар гунигийг давахад нь тусалж мөрийтэй болон янз бүрийн бусад хөлөгт тоглоомыг заасан юм. Нийтэд түгсэн Шивагийн гурван дүр бий. Нэг нь бясалгагч Шива, Шива - Параварти нэгдэж нийлсэн дүр. Хамгийн сүүлийнх нь тэнгэрлэг бүжиг бүжиж буй Шива бурхан. 
Натаража буюу бүжгийн хаан Шива
Натаража Шивагийн тайлбар нь үнэхээр сонирхолтой. Гадна талын дугуй гал бол Самсараг дүрсэлж байгаа. Шивагийн гишгэсэн чөтгөрөөр муу муухай, мунхагийн харанхуйг ялан дийлсэнийг харуулж байгаа. Хойд хоёр гарны нэг нь дамар тоглож, нөгөө гар нь ертөнцийг сөнөөх хүчтэй галыг барьж байгааг илтгэдэг. Баруун гараараа Шивад итгэж дагагсдыг даллан дуудаж, зүүн гараараа зүүн хөлнийхөө доор аюулаас хоргодох газар байгааг зааж өгж байгаа юм. Түүний тэргүүнээс амьдралыг тэтгэгч Ганга мөрөн эх аван урсаж байгаа бол, хүзүүгээр нь ороосон Кобра могой хөдөлгөөнгүй байгаагаар Шива бурхан өөрийн эгог ялан дийлж эрхэндээ оруулсныг илтгэж байгаа аж. Түүний үс тал тал тийшээ задарсан байгаа нь энэ ямар аугаа бүжиг болохыг харуулж байгаа ч царайд нь бага зэргийн инээмсэглэл байгаа нь айж сандарсан шинж үгүй болохыг илтгэнэ. Шайвизмыг шүтэгчид духан дээрээ гурван хөндлөн зураас үнсээр зурдаг. Энэ нь Шива бурхан гурван ертөнцийг ялан дийлсэний бэлэгдэл юм гэсэн. Шиватай холбоотой олон үлгэр домог байдаг. Маш сонирхолтой, хөгжилтэй, зарим нь гунигтай. Гэхдээ аль нь ч гэсэн Шива бурхан тэр бүгдэд тэгш сэтгэлээр хандаж байгаа талаар гардаг.
    Энэтхэгчүүд үнсийг их дээдэлдэг юм билээ. Бүхнийг сүйтгэгч галыг үнс давж гарсан тул мөнх амьдралыг билэгддэг гэж итгэдэг аж. Шайвизмын хуврагууд болох гүрү багш нар бүх биеэ үнсээр будчихаад л сургаалиа айлдаад сууж байдаг. 
Эрдэмтдийн тайлбараар Ведийн судар дээр гардаг Рудра бурханыг яваандаа голчлон шүтэх болж Шива Рудра байж байгаад яваандаа Рудра нь гээгдсэн гэнэ лээ. Гэхдээ Энэтхэгийн зарим хэсгийнхэн Рудра бол Шива бурханы Аватар байсан гэж итгэдэг. Гэхдээ Шива бурхан нөгөө нууцлаг соёл иргэншлээс үлдсэн бурхан гэдэг таамаглал байна. Тэр хотуудын туурин дээр хийсэн малтлагаас гарж ирсэн шавар дээрх дүрс, тамга зэрэгт үндэслээд тийм таамаглал дэвшүүлж л дээ. 

Шива гэж таамаглаж буй тамга

Энэ тамга дээр дүрслэгдсэн завилж суусан, гурван тийшээ харсан гурван толгойтой, үхэр амьтан эргэн тойронд нь байгаа зэргийг Шива бурханы талаарх үлгэр домогтой харьцуулж үзээд ер нь Шива бурхан энэ нууцлаг соёл иргэншлээс дамжиж ирсэн бурхан юм байна гэсэн бас нэг таамаглал бий. Шива бурхан ихэвчлэн хүн амьтан, нийгмээс хол ан амьтдын дунд бясалган сууж байгаагаар дүрслэгддэг. Бас Шива бурханд гурван үзүүртэй сэрээтэй жад (Тридент) -тай. Дотоод сэтгэлээ тольдож, болвол хазаарлаж алив үйл явдалд тэгш сэтгэлээр хандах, сэтгэлээ ариусгахыг номлодог зэргээс үндэслэж ийм таамаглал дэвшүүлжээ. 






Хиндуизмын талаар гурван дүгнэлт хийлээ. 
1. Хиндуизм гэж ерөнхийд нь нийт Энэтхэг, Непал түмний шүтдэг шашныг нэрлээд байгаа боловч газар орон нутагт бүр өөр өөрийн гэсэн шашин шүтлэг итгэл үнэмшилтэй юм шүү. Зарим газар Вишнуг шүтдэг бол заримд нь Шиваг шүтээнээ болгож залсан байдаг. Гэхдээ энэ олон шашин урсгалууд нэг нэгнээ үгүйсгэдэггүй зэрэгцэн оршдог. Ведийн судар 33 бурхантай байсан бол Упанишад дээр энэ тоо бүр ихсэж 330 сая бурхантай байгаад тэр нь 1 хүртэл багасдаг. Эцсийн бүлэгт оршихуй гэдэг бол ганц юм гэсэн санаа. Гэхдээ ертөнц бол хязгааргүй учраас 330 сая бурхантай гэж зүйрлэсэн хэрэг.  
2. Европ Иранд очсон ахан дүүсээ бодвол Индус мөрний хөвөөнд суурьшсан Аричууд гадаад  ертөнцийг судлахаасаа илүүтэй өөрийн дотоод ертөнцөө таньж мэдэхээр чармайж асан нь их анхаарал татдаг. Магадгүй Индус мөрний хөвөөнд цэцэглэж асан тэр нууцлаг, цэвэрч соёл иргэншлийн ул мөр байж болох талтай. Каспийн эргээс өөрсдийн Ведийн судартай нүүдэллэж ирсэн Аричууд нэг мэдэхэд бясалгал иогийн нууцад гүн нэвтэрсэн, дотоод ариуслын замыг эрэлхийлсэн үндэстэн болж төлөвшжээ. Упанишад дээр ч тэр, Бхагавад Гита дээр тогтмол давтагддаг нэг тийм үйл явдал байдаг нь Бурхдууд хүнд, шавьдаа ертөнцийн нууцыг тайлж өгж байгаа хэсэг гардаг. Кришна бурхан тэр тайлагдашгүй соёл иргэншлийн Гүрү байсан юм биш бээз л гэж хэлэх гээд оролдоод байгаа юм. Ер нь Махабхарата дээр сахилгагүй Бурхдуудыг, ертөнцийн нууцад нэвтэрсэн мэргэн хүн харааж тэр хараалыг нь ариун Ганга бурхан хариулж буй тухай гардаг нь хүн бурхны зиндаанд очиж чадаж байсныг илэрхийлж байгаа хэрэг. 
3. Вишну бурханы ес дэх аватарыг Будда байсан тухай дээр өгүүлсэн. Гэхдээ зарим газраа Жайнизмын шашны голлох бурхан байсан гэж сударт нь бичигдсэн байсан. Шива бурхан Паравати гэж албан ёсны эхнэртэй боловч жижиг тосгон бүрийн эмэгтэй бурхдууд нь Шива бурханы эхнэр гэж явдаг. Шива, Вишну хоёр зэрэгцэн нэг аватар бүтээсэн эсвэл Вишну, Шива хоёрын аватар гээд тусдаа бурхан ч байна. Газар дэлхий дээр дийлдэшгүй хүчтэй шулам гарж ирэхэд Тримурти тэмцээд дийлдэггүй. Тэгээд гурвуулаа нийлсэн нэг аватар болох Дурга бурханыг төрүүлж хүчирхэг шулмыг дарсан тухай ч домог байдаг. Өөр өөр бурханыг шүтдэг ч шашны түвшинд нэгдэн нийлэх хүслийг нь илэрхийлж байгаа юм даа. 

2 comments:

  1. махабхарат туульс монгол ном байдаш болов уу

    ReplyDelete
    Replies
    1. Яг туульс нь орчуулагдаагүй. Товчилсон хэлбэрээр гарсан байна лээ.

      Delete